“Монголдоо олон улсын стандарт бүхий өндөр цалин авч ажиллах боломжийг IT салбар өгч байна”

- Боловсролын тэгш бус хүртээмжийг бууруулцгаая -

info@scc.mn

Аж үйлдвэрийн IV хувьсгал, мэдээлэл, харилцаа холбоо, интернэт, техник технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлэн, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж үнэлэгдэх ирээдүйн боловсон хүчин болохын тулд кодинг болон программчлалын чадвар нь англи хэлтэй адил заавал эзэмших шаардлагатай чадваруудын нэг болсон гэж болно.

Мэдээлэл технлогийн салбарт ажиллах, роботуудыг бүтээж, тэднийг удирдах боловсон хүчнийг бэлтгэхээр дэлхийн улс орнууд кодинг болон программчлалын хичээлийг чухалчилж, их, дээд сургуулийн хөтөлбөрт эзлэх цагийг нэмэгдүүлэхийн хажуугаар ерөнхий боловсролын сурагчдад аль хэдийнэ кодинг хичээлийг орж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд хүн компьютерыг удирдах, эсвэл компьютерын боол болох гэсэн хоёр л сонголт үлдэх бөгөөд энэ эринд сурагч, залуусыг хэрхэн бэлтгэх талаар улс орнууд толгойгоо гашилгаж байна.

Гэвч манай улсын хувьд энэ чиг хандлага эсрэгээрээ явж буй мэт дүр зураг харагдаж байна гэж хэлж болохоор.

Учир нь манай улсад 2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 155,248 байснаас мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт 3,606 суралцагч байна гэх тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт суралцагчдын ердөө 2.3 хувь нь л тус салбарыг сонгон суралцаж байна гэсэн үг. Ингэхдээ бүр мэдээлэл, технологийн мэргэжлээр сурах эрмэлзэл бүхий оюутны тоо буурсаар байна.

График 1. Манай улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын эзлэх хувь /сүүлийн 5 жилээр/

Дээрх тооноос харвал манай улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг сонгон суралцагчид нийт суралцагчидтай харьцуулахад бага хувийг эзэлж байгаа ба цаашид ч энэ тоо буурах үзүүлэлттэй байгаа юм.

Үүнтэй холбогдуулан бид Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх IT салбарын ажиллах хүчний эрэлт хэрэгцээ, боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбооны талаар манай улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний томоохон ханган нийлүүлэгчээр ажиллаж буй Specialized Career Consulting /SCC/ компанийн Гүйцэтгэх захирал А.Азбаяртай ярилцлаа.

Тус компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан ба хүний нөөц зуучлал, ажиллах хүч ханган нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг монгол компани юм. Байгуулагдсан цагаасаа хойш дотоодын болон гадаадын томоохон компаниудыг ажиллах хүчээр ханган ажиллаж байна. Эдгээрээс дурдвал, "Камминс Монголиа Инвестмент" ХХК, "Оюу Толгой" ХХК, "Рио Тинто" групп, ХААН банк зэрэг томоохон байгууллагуудын ажиллах хүчийг бүрдүүлэн ажиллаж байсан туршлагатай. Өнөөдрийн байдлаар тэд 160 орчим байгууллагатай хамтран ажиллаж байна.

12 ДУГААР АНГИА ТӨГСӨӨД ШУУД АЖЛЫН БАЙРАНД...

-Юуны түрүүнд танай байгууллага дээр одоогийн байдлаар хэчнээн ажлын байр зарлагдаад байгаа вэ? Мөн эдгээр ажлын байрны дийлэнх нь ямар салбар, мэргэжилд хамаарч байгаа бол? 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын байгууллагуудаас нийт нээлттэй 120 ажлын байрны захиалга ирээд байна. Эдгээр нээлттэй 120 ажлын байрнаас 45 нь буюу бараг тал хувь нь IT буюу мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын ажлын захиалгууд юм.

-IT салбарын ажлын байрны захиалга бараг тал хувийг нь эзэлж байна гэлээ. Энэ дүр зураг танай байгууллага дээр ажиглагдах болоод удаж байгаа юу?

-Сүүлийн үед ер нь аль ч салбарт үйл ажиллагаа явуулж буй компани, байгууллагыг анзаарч байхад тэд өөрсдийн үйл ажиллагаагаа илүү сайжруулж, үйлчилгээгээ хялбар болгохын тулд шинэ техник, технологийг нэвтрүүлж, дижиталчлал руу шилжих болсон нь IT салбарын мэргэжилтэн, ажиллах хүч улам эрэлт хэрэгцээтэй болж байгаагийн нэг илрэл юм.

Үүнээс үзвэл, ерөнхий болон их, дээд сургуулиуд энэ салбарт хангалттай боловсон хүчин бэлтгэхгүй байна.

Тэр ч утгаараа бид энэ салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж, хүүхэд багачуудын сонирхлыг IT салбар руу хандуулахын тулд өөрсдөө ажил олгогч нартайгаа хамтран ерөнхий болон их, дээд сургуулийн сурагч, оюутнуудтай уулзалт, workshop-уудыг зохион байгуулан, сургуулиудтай их ойр ажиллаж байна. Тодруулбал, бидний хамтрагч болох Монгол дахь Huawei компанитай хамтран МУИС, ШУТИС, "Хүрээ" гэх мэт дээд сургуулиуд дээр очиж, боловсон хүчнийг хайх ажлыг гүйцэтгээд байгаа.

Цаашилбал, IT салбарын их, дээд сургуулийн оюутан болон төгсөгч нар хангалтгүй байгаа тул бид ерөнхий боловсролын сургуулиуд руу хандаж эхлээд байна. Тодруулбал, "Сант" сургууль зургадугаар ангиасаа кодинг, программчлалыг сонголтоор нь заадаг ба энэ жил тус хөтөлбөрт бүрэн хамрагдсан анхны сурагчид нь төгсөж байгаа юм. Тиймээс ч бид төгсөх ангийн сурагчдаас IT чиглэлийн мэргэжлийн ур чадварын шалгалтыг авч, үйлчлүүлэгч компаниуддаа санал болгоод байна. Эргүүлээд манай үйлчлүүлэгчид мөн сонирхлоо илэрхийлээд эхэлсэн.

-Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид их, дээд сургуульд заавал хамрагдалгүйгээр IT чиглэлийн чадвартай бол хөдөлмөрийн зах зээлд шууд гарах боломжтой болж байна гэсэн үг үү?

-Тийм ээ.

Хамгийн гол нь энэ хөтөлбөрийг ерөнхий боловсролын хичээлүүдэд шингээж, дор хаяж гурван жилийн хугацаанд хүүхдүүд тасралтгүй үзэж, сургуулилалт хийсний үр дүнд ийм чадвартай болж байна гэсэн үг юм. Бидэнд шалгалт өгөөд явж буй хүүхдүүд Java, C, Python зэрэг платформууд дээр код бичих чадвартай болсон байна.

Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид IT чиглэлээр сурах сонирхолтой ба хэрэв сургалтын системд нь шингээгээд өгчихвөл сурах бүрэн чадвартай гэдгийг харуулж байгаа юм.

-Танайхтай хамтран ажилладаг ажил олгогч томоохон байгууллагууд шалгуурыг давсан сурагчдыг авах сонирхлоо илэрхийлсэн талаар сонссон. Энэ талаар илүү дэлгэрүүлэхгүй юу?

-Одоогоор бид төгсөх ангийн хүүхдүүдээс ажилд орох шалгалтуудаа аваад явж байна. Зарим сурагч эхнээсээ өндөр оноо аваад тэнцчихсэн байгаа. Бид шалгарсан сурагчдад бэлэг болгож, төгсөлтийн баяр дээр нь ажлын байрны урилгатай нь очих төлөвлөгөөтэй байгаа нууцаасаа задалъя.

-Ер нь их, дээд сургуульд заавал дөрвөн жил суралцах хэрэгцээ, шаардлага хумигдаж байна гэж ойлгож болох болов уу? Мэдээж үүнийг эсэргүүцэх хүмүүс олон гарах байх.

-Зарим мэргэжилд тийм хандлага ажиглагдаж байна. Зарим мэргэжил, зарим хүүхдэд гэсэн үг шүү дээ. Ингэж хэлж байгааг анхаарах хэрэгтэй.

Манай дээр IT салбарын олон нээлттэй, хангалттай цалин, таатай ажиллах нөхцөлтэй ажлын байр байгаа ч үүнд тохирох хүнийг олоод компаниудад санал болгоё гэхээр хүн олдохгүй байна. Нэг үгээр хэлэхэд, Монгол дахь IT салбар боловсон хүчний хомсдолд ороод байна. Тиймээс бид энэ арга барил руу орж байгаа юм. Хамгийн сайн зүйл нь 12-р анги төгсөж байгаа сурагчид IT чиглэлээр их, дээд сургууль төгссөн залуустай эн зэрэгцэх чадвартай байгаа юм.

Мөн бид ингэлээ гээд их, дээд сургуулийн боловсролыг үгүйсгээгүй бөгөөд чадвартай төгсөж байгаа сурагчдад нэг боломж, хувилбарыг санал болгож байна гэдгийг ойлгох нь зүйтэй болов уу.

"IT салбарын ажилчдад тавьдаг эхлэх цалин бусад салбарынхнаас 2-3 дахин их байдаг"

-Үүний гол шалтгаан нь Монголын боловсролын систем болон хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбоо хоорондоо нийцэхгүй байгаагийн нэг илрэл гэж харж болох болов уу?

- Тэгж хэлж болох юм.

Үүнээс гадна зах зээлийн эрэлт хэрэгцээ маш хурдацтай өөрчлөгдөж байна. Тодруулбал, 2017 онд л гэхэд эдийн засаг сэргэж, компаниудын үйл ажиллагаа өргөжиж эрчимжиж байсан тухайн үед борлуулалт, маркетингийн чиглэлийн ажилчдыг хамгийн ихээр эрэлхийлж, ажилд авдаг байсан.

Гэтэл түүнээс хойш хоёрхон жилийн дотор энэ нөхцөл байдал өөрчлөгдөж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ үед IT салбарын мэргэжилтнүүд хамгийн хэрэгцээтэй болсныг бид харж байна.

Гэвч харамсалтай нь манай улсад энэ салбарын хангалттай боловсон хүчин бэлтгэгдэхгүй байгаа нь саяхан гарсан судалгаагаар нотлогдож, цаашид ч мөн буурах үзүүлэлттэй байх тухай дурдагдсан байсан.

Энэ нөхцөл байдлыг өөрчлөх тал дээр ийнхүү зарим байгууллага, сургуулиуд анхаарч эхэлж буй нь сайшаалтай. Манай компанийн зүгээс ч мөн энэ тал дээр анхаарч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажлыг гүйцэтгээд явж байна.

Тодруулбал, бид Япон улсад компаниа албан ёсоор бүртгүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр Япон улсын ажил олгогч нарт боловсон хүчнээ санал болгохоос гадна Монгол Улсдаа IT салбарын боловсон хүчний баг бүрдүүлэн, монгол ажилчдаа гадагшаа гаргахгүйгээр outsourcing буюу эх орноосоо олон улсын компанид онлайн горимд ажлыг гүйцэтгэх боломжтой ажлын байруудыг санал болгох гэж байна. 

"Монголдоо амьдраад олон улсын компанид, олон улсын стандарт бүхий цалин авч ажиллах боломжийг IT салбар өгч байна"

 

- Монгол, чадалтай IT салбарын ажилчдаа гадагшаа гаргахгүйгээр Монголдоо ажиллуулж байгаа тодорхой жишээ байгаа болов уу?

- Хэд хэд байгаа. Энэ чиглэлээр бид 2014 онд Рио Тинто группийн IT багийг бүрдүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Тус ажлын хүрээнд нийт 100 гаруй инженер, IT чиглэлийн мэргэжилтнүүдээс ярилцлага авч, шигшсэний үр дүнд 15 инженерийг шалгаруулж, баг бүрдүүлээд байсан юм.

Өнөөдөр харин энэ баг маань 70 гаруй хүнтэй болж өсөж "Рио Тинто Монголиа" болж, дэлхий даяарх Rio Tinto группийн мэдээллийн систем, технологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна.

Өмнө нь тус компани Энэтхэг улсын мэргэжилтнүүдээс үйлчилгээгээ авдаг байсан бол ийнхүү Монгол Улсаас авдаг болсон нь бахархууштай.

-IT салбарт ажилладаг боловсон хүчний орлого бусад салбарт ажиллагсдын орлоготой харьцуулбал өндөр мөн баталгаатай байдаг гэж ярьдаг шүү дээ, энэ талаар?

-IT салбарт ажиллаж эхэлж буй шинэ төгсөгч нарт тавьдаг цалингийн санал бусад бизнес, хүний нөөц зэрэг салбарын ажилчдад тавьдаг эхлэх цалинтай харьцуулахад 2-3 дахин өндөр байдаг.

Тийм ч учраас зөвхөн цалин, мэргэжлийн давуу талаас гадна хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахин, хөдөлмөрийн зах зээл болон хангамж, хэрэгцээ зэргийг харгалзан үзэж энэ салбарыг олон сурагчид сонгож, мэргэшээсэй гэж хүсэж байна.

-Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлага ийм байхад олон улсад энэ хандлага ямар байна вэ?

-Олон улсад ч мөн энэ салбарын ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа. Сүүлд гарсан судалгаагаар олон улсад STEM /Science, Technology, Engineering, Mathematics/ чиглэлээр төгсөж буй оюутнуудын тоогоор БНХАУ жил бүр 4.7 сая оюутан төгсөж байгаагаар тэргүүлсэн бол түүний араас ОХУ, АНУ зэрэг багтаж байна. Үүгээрээ эдгээр улс боловсрол болон ирээдүйн хөдөлмөрийн зах зээлдээ анхаарч байгаагийн нэг илрэл юм.

 

График 2. Хамгийн их STEM төгсөгчтэй улсууд 2016 оны байдлаар /Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форум/

 

Мөн хиймэл оюун ухаан, робот зэргийг оролцуулсан ажлын байр шинээр их бий болж, олон салбарт нэвтэрч байгаа тул логикийн хувьд бодоод үзвэл дэлхий дээр хамгийн сүүлд хиймэл оюун ухааны кодыг бичдэг IT инженерийн ажлын байр л үлдэнэ гэсэн яриа ч мөн олон улсад явж байна.

Тийм учраас хамгийн урт хугацаанд үлдэх ажлын байрны нэг гэвэл IT салбарын мэргэжилтнүүд байх болов уу.

-Хөдөлмөрийн зах зээл, түүний уялдаа холбоо, эрэлт нийлүүлэлт зэргийн асуудал эргээд ерөнхий боловсролын сургалтын чанарын асуудалд очиж байна гэж харж болохоор. Энэ талаар таны бодол?

-Миний хувьд яг боловсролын салбарт ажилладаг хүн биш тул үүнийг нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ажил олгогч нарыг төлөөлж, мөн ажил горилогчдын аль аль талд ажилладаг хүний хувьд боловсрол, хөдөлмөрийн зах зээл хоёрын хооронд ямар нэгэн зүйл нийцэхгүй байгааг анзаарч байна.

Төгсөөд гарч буй IT салбарын мэргэжилтнүүдийн хүрэлцээ хангалтгүй байгаа нь боловсролын талаас энэ тал дээр ямар нэгэн өөрчлөлт авчрах хэрэгтэйг харуулж байгаа байх. Гэхдээ боловсролын салбарын мэргэжилтнүүд энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болов уу.

 

"IT салбарыг бид зөвхөн эрэгтэй хүмүүсээр л төсөөлдөг байсан хандлага өөрчлөгдөж байна. Рио Тинто Монголиагийн IT багийн тал хувийг эмэгтэй инженерүүд эзэлж байна"

 

-IT салбарт ажилладаг хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Энэ салбарын жендэрийн байдал ямар байдаг юм бол?

-IT салбарыг бид эрэгтэй хүмүүсээр л төсөөлдөг байсан хандлага өөрчлөгдөж байна.Тухайлбал, Рио Тинто Монголиагийн IT багийн тал хувийг эмэгтэй инженерүүд эзэлдэг.

Мөн байгууллагын IT-ийн зураг төслийг /IT Architect/ гаргадаг цөөхөн мундаг монгол мэргэжилтнүүдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг ба тэд ХААН банканд ажиллаад явж байх жишээтэй. ХААН банкны хувьд IT салбарт ихээхэн ач холбогдол өгч, өөрчлөлт хийж байгаа нь үйлчлүүлэгчдэдээ үзүүлж буй үйлчилгээгээрээ мэдэгдэх болсон. Тодруулбал, тус банкны үйлчлүүлэгч өмнө нь заавал салбар дээр нь очиж, олон цагаар хүлээж үйлчилгээ авдаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй, интернэт банк, ATM зэргээр бүх хэрэгцээт үйлчилгээгээ авах боломжтой болсон. Энэ бүхний ард IT инженерүүд ажиллаж байдгийг санах хэрэгтэй.

Анзаарвал, технологийн хөгжлийг ашиглаагүй салбар үлдсэнгүй. Харин ашиглалгүй үлдвэл ямар хэмжээнд хол хоцорч болдог вэ гэдэг жишээг бид мэднэ. Тэгэхээр салбар, байгууллага бүр л технологийн хөгжлийг ашиглахыг хичээж байна. Хэн нь илүү ашигласан тэр нь илүү хурдтай хөгжих боломжийг олгож байна.

-Эцэст нь ерөнхий боловсролын тогтолцоонд ер нь кодинг, программчлалын хичээлийг шингээж өгөхийг та юу гэж бодож байна вэ?

-Зөвхөн хувийн сургуулиудад гэхгүйгээр улсын сургуулиуд ч кодинг, программчлалын хичээлийг сургалтын системд сонголтоор оруулж өгөхийг хүсэж байна.

Учир нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ үед код бичих чадвар англи хэлтэй л адил байх ёстой, хэрэгцээтэй нэг ур чадвар болсон. Англи, орос хэлийг сонголтоор заадаг шиг л сонголтод нь оруулж өгөх хэрэгтэй. Тэр хэрээрээ энэ салбарыг сонирхох залуус их болно. Мөн өөр мэргэжил эзэмшсэн ч бусдаас илүү давуу талтай, чадвартай болно гэсэн үг.

Эцэст нь, 12-р ангиа төгсөөд их, дээд сургуульд суралцалгүйгээр шууд ажлын байранд гарах гэж юу яриад байгаа юм гэж зарим эцэг, эх, багш нар бодож магадгүй. Гэхдээ эрэлт хэрэгцээтэй байгаа тус мэргэжлээр хомсдол үүсээд, ажиллах хүчин нь олдохгүй байгаа энэ үед зарим хүүхэд аль хэдийнээ шаардлагатай ур чадварыг эзэмшчихсэн байгаа юм. Тиймээс тэдгээр хүүхдэд бас нэгэн боломж, хувилбарыг л санал болгож байна гэсэн үг.

Мэдээж тухайн төгсөгчид IT мэргэжлээр ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсны дараа өөрийн хүссэн чиглэлээрээ их сургуульд суралцах, эсвэл шаардлагатай мэдлэг олох богино хэмжээний сургалтад хамрагдаад мэдлэгээ тэлээд явах боломж байсаар байгааг хэлэх хэрэгтэй.

Contact Us



Find us.

Sukhbaatar District, 19A Olympic street, Shangri-La office #910, Ulaanbaatar, Mongolia


Call us.

+976 7507-0710, 7507-0711


Operating hours.

Monday-Friday 9am-6pm